Есүс өөрийн нүүрийг Иерусалим руу харуулав

Лук 9:51-11:54

img

951Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорилоо. 52Тэр зарлага элч нараа өмнөө илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар Самарийнхны сууринд очжээ. 53Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй. 54Шавь нар нь болох Иаков, Иохан нар үүнийг хараад Түүнд

Дагалдагч Иаков, Иохан

—Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун* гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу?

гэхэд 55Тэр эргэн тэднийг зэмлэв.

Есүс

[—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. 56Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд бус, харин аврахаар ирсэн

гэжээ.] *Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав. 57Тэднийг замд явж байтал нэгэн хүн Түүнд

Замд нэгэн хүн

—Би Таныг хаа ч явсан дагая

гэв. 58Есүс түүнд

Есүс

—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй

гээд 59өөр нэгэнд

Есүс

—Намайг дага

гэхэд тэр

Замд нэгэн хүн

—Эзэн, эхлээд явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч

гэжээ. 60Гэтэл Есүс

Есүс

—Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла

гэв. 61Бас өөр нэг нь Түүнд

Замд нэгэн хүн

—Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч

гэхэд 62харин Есүс

Есүс

—Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ

гэж айлджээ.

101Дараа нь Эзэн өөр далан хүнийг* томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв. 2Тэр тэдэнд айлдахдаа

Есүс

—Ургац арвин ч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа. 3За, яв. Харагтун, Би та нарыг чонон дундах хурганууд мэт илгээлээ. 4Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл. 5Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл. 6Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол тэр нь та нарт буцаж ирнэ. 7Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж. 8Ямар ч хотод та нар очсон тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь юу ч тавьсан түүнийг ид. 9Тэнд өвчтэйг нь эдгээ. Тэдэнд “Бурханы хаанчлал та нарт айсуй” гэж хэлэгтүн. 10Харин ямар ч хотод очсон хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад, 11“Бидний хөлд наалдсан, хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал айсуйг сайн мэдтүгэй” гэж хэл. 12Би та нарт хэлье, тэрхүү өдөр Содом нь уг хотоос илүү хүлцэхүйц байх болно.
13Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан. 14Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцэхүйц байх болно. 15Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. 16Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм

гэлээ. 17Мөнөөх далан хүн* баяртайгаар буцаж ирээд

72 Дагалдагчид

—Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр эрхшээлд маань орсон шүү

хэмээхэд 18Тэр тэдэнд

Есүс

—Би Сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа. 19Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. 20Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун

гэв. 21Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор* хөөрөн баясаж,

Есүс

—Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ. 
22Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг хэн гэдгийг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг хэн гэдгийг мэдэхгүй

гээд шавь нар уруугаа эргэж тэдэнд тусгайлан

Есүс

—Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй. 24Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч ба хаад харахыг хүссэн авч хараагүй мөн сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм

гэж айлдав. 25Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин

Хуулийн багш

—Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?

гэж асуухад 26Тэр түүнд

Есүс

—Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ?

гэхэд 27тэр

Хуулийн багш

—Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла

гэв. 28Тэгэхэд нь Есүс

Есүс

—Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно

гэв. 29Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст

Хуулийн багш

—Миний хөрш гэдэг чинь хэн бэ?

гэжээ. 30Есүс хариуд нь

Есүс

—Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ. 31Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав. 32Түүнчлэн нэгэн леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ. 33Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн, 34түүн дээр ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, унаан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ. 35Маргааш нь тэр, хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье” гэжээ. 36Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна?

гэхэд 37тэр

Хуулийн багш

—Түүнд энэрлийг үйлдсэн нь

гэв. Есүс түүнд

Есүс

—Явж, үүний адил үйлдэгтүн

гэжээ. 38Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав. 39Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. 40Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу очоод

Марта

—Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч

гэв. 41Харин Эзэн

Есүс

—Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. 42Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ

гэв.

111Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд

Дагалдагчдын нэг

—Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч

гэжээ. 2Тэр тэдэнд

Есүс

—Та нар залбирахдаа
“Аав аа, Таны нэр
ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
3Өдөр тутмын минь талхыг*
Өдөр бүр бидэнд өгөөч.
4Бидэнд өртэй бүхнээ
Бид уучилдаг учир
Бидний нүглийг мөн уучлаач.
Биднийг уруу татлагад
бүү автуулаач”

гэж хэл гэв. 5Тэгээд Тэр тэдэнд

Есүс

—Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. 6Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” гэхэд нь 7дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Үүдээ хэдийнээ түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ. 8Би та нарт хэлье. Хэрэв тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. 9Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. 10Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. 11Хүүгээ загас гуйхад оронд нь могой өгдөг хүн та нарын дунд байна уу? 12Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэт хорхой өгнө гэж үү? 13Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу?

гэв. 14Тэр хэлгүйн чөтгөрийг хөөн гаргажээ. Ингээд чөтгөр нь зайлж одоход, мөнөөх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон ихэд гайхацгаав. 15Харин тэдний зарим нь

Хурсан олон

—Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна

гэж байхад, 16зарим нь Түүнийг сорихын тулд, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг Түүнээс шаардаж байлаа. 17Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд

Есүс

—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Айл гэр дотроо хуваагдвал унана. 18Сатан өөрийн эсрэг хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебүлээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна. 19Хэрэв Би Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно. 20Гэвч Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. 21Бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр эдлэн газраа хамгаалвал өмч хөрөнгө нь амар тайван байна. 22Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно. 23Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэгэн мөн.
24Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч юуг ч эс олох үед тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. 25Буцаж ирээд өнөөхийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг. 26Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог

гэж айлдав. 27Түүнийг энэ зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд

Хурсан олон дундах эмэгтэй

—Таныг тээсэн хэвлий, Таныг хөхүүлсэн хөх нь ерөөлтэй еэ!

гэж чанга дуугаар хэлэв. 28Харин Тэр

Есүс

—Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ!

гэжээ. 29Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр

Есүс

—Энэ үеийнхэн бол ёрын муу үеийнхэн. Тэд тэмдгийг эрж хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. 30Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно. 31Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна. 32Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.
33Хэн ч дэнлүү асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй.* Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. 34Нүд чинь биеийнхээ дэнлүү юм. Тиймээс нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин ёрын муу аваас бие чинь мөн харанхуй байна. 35Иймд өөрийгөө хар, чиний доторх гэрэл нь харанхуй биш биз. 36Бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн агаад өчүүхэн төдий ч харанхуйгүй бол дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг энэ нь бүхэлдээ гэрлээр дүүрэн байна

гэв. 37Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув. 38Түүнийг хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ. 39Харин Эзэн түүнд

Есүс

—Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор чинь дээрэм тонуул, муу муухай нь дүүрэн байдаг. 40Мунхгууд аа, гаднахыг бүтээсэн Тэр доторхыг мөн бүтээгээгүй гэж үү? 41Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл харагтун, бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно. 42Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ургамал ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга ёсыг үл ойшоодог. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. 43Фарисайчууд та нар золгүй еэ! Та нар синагогт тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. 44Та нар золгүй еэ! Та нар үл харагдах булшнууд мэт тул хүмүүс мэдэхгүйгээр дээгүүр нь алхдаг

гэв. 45Хуульчдын нэг нь Түүнд

Хуулийн багш

—Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна

гэхэд 46Тэр

Есүс

—Хуульчид та нар мөн золгүй еэ! Та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг хүчирдүүлж хэцүүдүүлдэг хэрнээ өөрсдөө ачаанд ганц хуруугаа ч хүргэдэггүй. 47Та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн. 48Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна. 49Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг алж, заримыг нь хавчина. 50Энэ нь ертөнцийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм. 51Абелын цуснаас авахуулаад Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм. 52Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон

гэв. 53Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам олон юм асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа. 54Тэд амнаас нь гарах үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг отож байлаа.

imgimg

ГҮН ГҮНЗГИЙ СУДЛАХ

  • Есүс Иерусалим явах замд, хүмүүсийн өөр өөр арга замаар хариу үйлдэл үзүүлснийг хараарай.
  • Та тэдгээр хариу үйлдлүүдийн нэгэнтэй өөрийгөө адилтгах уу? Хэрэв тийм бол яаж?
  • Есүсийн хэлснээр, хэн нь жинхэнэ "хөрш" байв? Мөн хөршөө хайрлахын учир юу байв?
  • Дагалдагчид Есүсээс өөрсдөд нь залбирал зааж өгөхийг гуйсан. Есүсийн хариултаас та юу сурах вэ?
© Mongolian Union Bible Society 2013

© 2018 SourceView LLC.
11